Хүүхэн бүрээн гэж өөртөө итгэлгүйхэн хэлээд үүргэвчээ уудлалаа. Азаар бараг л бүрэн шүү. уруулын будаг, жижиг тень, зовхины тос, нэг боодол дамск,/нэг боодлыг нь үлдээсэн нь яамай даа/ гар чийдэн, бас бохинууд нь алга...уг нь ингэмээргүй л хүмүүс шиг байсан даа гэж гомдонгуй хэлбэл айлын эзэн бах нь ханасан шинжтэй хэг хэг инээж чи ч азтай юмаа гэв. Тэд хүүхнийг До авгайн хамаатан биш гэдэгт итгэлтэй болсон уу, өмнө нь хамт ирсэн хүний нэр нүүрийг санасан уу ааш зан сайтай болж цай цүй болоод ирэв. Тэдний боорцог нь тун амттай, дээр нь таваганд хийж өгсөн өрөм нь ... хэлэх ч юм биш. Энэ олон хоногийн хугацаанд анх удаа шахуу хоол ундтай, гэрэл гэгээтэй жинхэнэ айлд ирж байгаа юм шиг л санагдав.Айлынхан До авгайнханыг сайн мэддэг хүмүүс бололтой, тэднийхний тухай баахан ярив. Яагаад нөхрөөр нь биш эхнэрээр нь нэрлэсэн айл юм бүү мэд.До авгайнх 3 хүүтэй гэнэ.3 хүү нь гурвуулаа шоронд байгаа гэнэ. Бүгд малын хулгайч юмсанж. Авгай өөрөө ч хонож өнжсөн замын хүмүүсийг зүгээр байлгадаггүй гэнэ.айхтар хэл амтай заргач заальхай тун олиггүй хүн бололтой. Гэхдээ тэднийх их л олон малтай баян айл гэнэ.Хүүхэн олон малтай баян айл юм бол хүүхдүүд нь яагаад хулгай хийж шоронд ордог, гэрт нь яагаад идэх юмгүй юм бол гэж гайхлаа.
Шөнийн тэнгэр цэв цэлмэг. Одод нь ямар ч зурган дээр үзээгүйгээр, ер бусийн ойрхон, хурц тод гэрэлтэнэ. Зуслан дээр шөнө эгчтэйгээ гадаа гудас дэвсээд тэнгэр харан хэвтдэг байсан нь санагдлаа.Хиймэл дагуулийг тоолон однуудыг элдэв дүрстэй болгон бие биедээ таалгаж хэвтдэгсэн.Хөдөөний тэнгэрийн одод хамаагүй олон дүрс гарах юм байна даа гэж санаа алдан бодлоо.Ер нь зуслангийн од хөдөөний од 2 шал өөр юм шиг санагдав. Хөдөөний од газарт их ойрхон, хурц гэрэлтэй,их шооч, хурдан хурдан анивчиж байгаа ч юм шиг. Явсан газар, уулзсан хүмүүсийнх нь тухай сануулан тохуурхан тоглож анивчаад байгаа ч юмуу гэмээр.Гэрээ санах ч шиг. Жоохон байхад шинэ жил болохоор зассан модныхоо доор газар унтах их дуртай байж билээ.Гэрэл унтраад унтах болоход фосфортой тоглоомнууд нь гэрэлтээд л. Үлгэрийн ертөнцөд оччихсон юм шиг. Гэтэл одоо яг л тийм мэдрэмж төрж байлаа.Үлгэрт ч ийм гоё одод гардаггүй байх даа...
Өглөө хэдий өөриймсүү байсан боловч хаширсан хүүхэн өмнөх айлаа санаж айлын эзэгтэй нарт гоо сайхны үйлчилгээ үзүүлсэнгүй.Айлын хэдэн адуу алга болжээ. Тэдний хамгийн айдаг юм нь малын хулгай бололтой. арай залуу нь адуугаа хайхаар явах болов. Настай эмэгтэй чулуу татан сууна.
-Чи одоо яваад хэрэггүй ээ. олохгүй юм байна. Үдээс хойш баруун хойшоо хайвал олдоно. Буруу гараар ороогүй байна.
Залуу ч яваад л өглөө. Хэсэг хугацааны дараа олсонгүй гэсээр ирэв. өдөр нэг цагын үед настай авгай одоо яваа гэснээр явж адуугаа туусаар ирлээ. Яаж тэр чулуугаар тэгж мэддэг байнаа гэж хүүхэн гайхлаа.
Тэгж байтал айлын хүүхэний нүд рүү өтний ялаа өт цацаж гэрийнхэнийг сандаргав.Хоёр айлынхан аж ахуйн төвийн фургонтой "ажилсаг" залууг дуудахаар шийдлээ .Хүүхэн тэр ч олдохгүй дээ гэж бодов. Тэгээд нэг удаа эмээ нь зусланд байхад нь өөрийнх нь нүдэнд орсон өтийг авч байсныг санан, асуудлыг би шийдэе хэмээн баатарлагаар ханцуй шамаллаа. Удвал өтнүүд амилж хөдлөөд түүлэгдэггүй юм, амилахаас нь өмнө амжиж хурдан түүх хэрэгтэй гэсэн эмээгийн үг санагдана.Нэрэлхүү зангийн хүчээр өмнө нь огт түүж үзээгүй өтнүүдийг тун ч сайхан түүлээ. Дотроо өөртөө итгэлгүй байсан боловч бүх өтийг түүсний дараа хүүхний цээжинд үнэхээр том гэрэл асах шиг санагдаж билээ.
Хүүхэн өдөржин айлын хүүтэй хамт сарлагийн тугал унан,айраг бүлж, трактор дотор орж гаран баахан тоглов.Тайвуухан инээмсэглэх айлын эхнэрүүд хөзөр тоглон, гүүгээ сааж, ааруул зүсэн гэр дээрээ тавина.Уулын орой дээр айлын хүүтэй хамт гарч нар жаргахыг харав.Хүү хэдий арваадхан настай ч ойр орчмын уулнуудын нэрийг бүгдийг мэддэг бололтой хүүхэнд нэрлэн зааж өгнө. Хорвоо өөрт нь хайртай болохоор хамаг гоё юмаа бушуухан үзүүлье гэсэн шиг л нар хүртэл шал өөрөөр урьд өмнө хэзээ ч харж байгаагүйгээр нь гайхалтай сайхан жаргаж байлаа.
Яарч сандрах юмгүй/ юундаа ч яарахав дээ/, юунд ч санаа зовохгүй,ядаж чимээ шуугиан ч байхгүй,чихнээс нь нэг юм гаргаад хаячихсан юм шиг,хэдий намхавтар уулнуудтай ч гэсэн цаанаа л нэг цэлийгээд, ийм амьдрал гэж бас байдагаа?
Тэр уулан дээр сүлжээ барьдаг юм байж. Хүүхэн Архангайд үлдсэн нөгөө эгч рүүгээ залгавал азаар жолооч нь тэндээс маргааш гарна гэж хэллээ. Ашгүй нэг адал явдал дуусах нь дээ.